БАРИЛГА ЭМ ЭН: БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ҮНЭ II УЛИРАЛД 5-6 ХУВИАР ӨСӨХ ТӨЛӨВТЭЙ

"Барилгын материалын үнэ ханш II улирлын байдлаар 5-6 хувиар өсөх төлөвтэй байна" гэж “Барилга Эм Эн” компаниас мэдээллээ.

2019 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1.6 их наяд төгрөгийн барилга, бүтээн байгуулалтын ажил хийхээр хүлээгдэж байгаа нь 2017 оныхоос тав дахин, 2018 оны дүнтэй харьцуулахад хоёр дахин өндөр үзүүлэлт болж байгаа ажээ. Мөн энэ онд барилгын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдэх хүлээлттэй байгааг салбарынхан онцолж байна.

“Барилга Эм Эн” ХХК-ийн Ерөнхий захирал Г.Батсүх

Барилгын материалын үнийн өсөлтөд хэд хэдэн хүчин зүйл нөлөөлж байна. Тухайлбал, валютын ханшийн өсөлт болон шатахууны үнийн өсөлт барилгын материалын үнэ ханшид нөлөөлж байгааг дотоодын үйлдвэрлэгчид онцолж байгаа юм.

Зарим барилгын материалын ханшийг харвал, барилгын материалын гол хэсэг болох арматурын ханш тонн нь нэг сая 760 мянга төгрөгөөс нэг сая 850 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Харин барилгын чиг хандлага илүү эко, ногоон байгууламж руу чиглэж байгаа энэ үед эко блокийн үнэ ханш хэмжээнээсээ шалтгаалан 142 мянган төгрөгөөс 145 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Мөн тоосго нэг ширхгийн үнэ нь 330-1800 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Үүнээс гадна хөөсөнцөр хавтангууд хэмжээнээсээ хамааран 93 мянгаас 200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байгааг “Барилга Эм Эн” компаниас мэдээлж байна.

Э.Одончимэг

Холбоо барих: odonchimeg.e@bloombergtvmongolia.com

minjma.g@bloombergtvmongolia.com

Эх сурвалж: bloomberg.mn